Friday, February 15, 2008

Мөнгө, санхүүгийн тоймоос - 2007 оны 4 улирал

МӨНГӨ, САНХҮҮГИЙН ТОЙМ
2007 ОНЫ IV УЛИРАЛ



o Хэрэглээний барааны үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшин 15.1 хувьд хүрсэн.
o Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулан Төв банкны үнэт цаасны (бодлогын) хүүгээ 2 удаа нэмэгдүүлж 8.4 хувьд хүргэсэн.
o Заавал байлгах нөөцийг 0.5 нэгжээр өсгөж 5.5 хувь болгосон.
o Монгол улсын гадаад валютын цэвэр албан нөөц 41.5 хувиар нэмэгдэж 972.2 сая ам. долларт хүрсэн нь импортын 6 сарын хэрэгцээг хангана.
o Төгрөгийн ам. доллартай харьцах ханш жилийн туршид тогтвортой байсан.
o Ипотекийн хоёрдогч зах зээл нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
o Банкны салбар тогтвортой хөгжиж, зээл хадгаламж эрс өсч, санхүүгийн зуучлал гүнзгийрсэн.
o Банкуудын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 3.3 хувь байна.
o Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2007 онд 4.6 нэгжээр буурч 19.9 хувьд хүрсэн.

1. Мөнгөний бодлого
Эдийн засаг дахь мөнгөний агрегатуудын өсөлтийн хурд тайлант улиралд буурч байсан ч сүүлийн сард өсч 2007 оны эцсийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт мөнгө (М2) 56.3 хувь, нийт хадгаламж 50.9 хувь, нийт зээлийн хэмжээ 68.1 хувиар тус тус өссөн байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, нийгмийн халамжийн зардал өсч төсвийн тэлэх бодлого үргэлжилсэн, дэлхийн зах зээл дээрх нефть болон зарим хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, гадаад худалдаанд их хувийг эзэлдэг хөрш орнуудын инфляцийн түвшин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2007 оны сүүлийн хагасаас эхлэн инфляцийн түвшин өсч 12 дугаар сарын байдлаар жилийн 15.1 хувьд хүрэв. Үүнтэй уялдуулан Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний агрегатуудын өсөлтийн хурдыг сааруулж, инфляцийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын чанартай гурван арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд: 2007 оны 10, 11 дүгээр сард Монголбанкны 7 хоногтой ТБҮЦ-ны хүү (бодлогын суурь хүү)-г тус бүр 1 нэгжээр өсгөж, оны эцсийн байдлаар 8.4 хувьд хүргэв. Банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болголоо. М2/ДНБ-ий харьцаа 52.7 хувь байгаа нь санхүүгийн зуучлал гүнзгийрч байгааг харуулж байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн өрнөл

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2007 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 209.1 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар өсч, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 64.1 хувийг бараг мөнгөний өсөлт хангаж байна

М1 мөнгө 2007 оны туршид тасралтгүй хурдацтай өссөн нь Засгийн газрын нийгмийн шинж чанартай шилжүүлэг, цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой. Тухайлбал, хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг олгож эхэлсэн, төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг 1 болон 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн зэрэг нь нөлөөлсөн байна. Мөн хүүхдийн мөнгийг 2007 оны 2 дугаар улирлаас хадгаламж хэлбэрээр олгож эхэлсэн нь бараг мөнгөний өсөлтөнд нөлөөлөв. 2007 оны төсвийн зардлын 50.4 хувь буюу 881.9 тэрбум төгрөг зөвхөн 4 дүгээр улиралд зарцуулагдсан байна.
Бараг мөнгөний өсөлтийн хурд 2001-2006 онуудад М1 мөнгөний өсөлтөөс байнга өндөр байснаас М2 мөнгөний өсөлтөнд эзлэх М1 мөнгөний хувь буурсаар ирсэн байна. Харин 2007 оны эхнээс М1 мөнгөний өсөлтийн хурд түргэсч, М2-т эзлэх хувь нь бага зэрэг өсөв. Тайлант улирлын М2 мөнгөний өсөлтөнд М1 мөнгөний эзлэх хувь 35.9 хувь байгаа нь өмнөх улирлаас 28.4 нэгжээр өндөр байна. Бараг мөнгөний бүтцээс харахад тайлант улиралд төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлт 15.0 хувиар буурсан байхад валютын хадгаламжийн жилийн өсөлт 35.8 хувиар, гадаад валютын харилцахын жилийн өсөлт 22.3 хувиар тус тус өссөн байна. Тайлант улиралд бараг мөнгө 8.0 хувь буюу 134.1 тэрбум төгрөгөөр өссөний 61.6 хувийг төгрөгийн хадгаламжийн өсөлт, 18.9 хувийг гадаад валютын хадгаламж, 19.5 хувийг валютын харилцахын өсөлт бий болгожээ.
Өнгөрсөн онуудын хандлагаас харахад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 4 дүгээр улиралд саардаг байсан нь эдийн засгийн үйл явц II, III улирлуудад идэвхжиж, I, IV дүгээр улирлуудад буурдагтай холбоотой байв. Харин сүүлийн жилүүдэд улирлын хэлбэлзэл багасч байгаа нь бараг мөнгөний өсөлт, дотоод эдийн засгийн идэвхжилээс гадна гадаадад ажиллагсдын мөнгөн гуйвуулга, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт, санхүүгийн шинэчлэл болон либералчлалтай холбоотойгоор дотогшлох мөнгөн урсгал хурдацтай өсөн нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. 2007 оны хувьд эдгээрээс гадна төсвийн тэлэлт, тухайлбал төсвийн зардал нөлөөлөв.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг байршуулалт талаас нь авч үзвэл гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеэс 304.4 тэрбум төгрөг (26.9 хувь), дотоод цэвэр актив 560.2 тэрбум төгрөг (138.4 хувь)-өөр тус тус өсчээ. Харин өсөлтийн хурдаар нь авч үзвэл дотоод цэвэр активын өсөлт түргэсч, гадаад цэвэр активынх буурсан байна. 2007 оны 4 дүгээр улиралд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх буюу 65.0 хувийг дотоод цэвэр активын өсөлт хангасан байна
Дотоод цэвэр активын энэхүү өсөлт нь иргэд, хувийн секторт олгосон банкны салбарын зээл нэмэгдсэнээр тайлбарлагдана. Эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад зээлийн эрэлт нэмэгдсэн, нөгөө талаас зээлийн хүү үргэлжлэн буурч байгаа нь зээлийн нийлүүлэлтийн хэмжээг өсгөхөд нөлөөлжээ.

Инфляцийн түвшин 2007 оны 8 дугаар сараас өсч эхэлсэн, мөнгөний агрегатуудын өсөлт хурдассан тул бодлогын түвшинд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10, 11 дүгээр саруудад тус бүр 1 хувиар нэмэгдүүлж, 6.4 хувиас 8.4 хувь болгов. Бодлогын хүүг ийнхүү өсгөснөөр М1 болон М2 мөнгөний алдагдсан боломжийн зардлыг өсгөж, мөнгөний өсөлтийг сааруулах боломжийг бүрдүүлж өгсөн хэдий ч нөгөө талаас Засгийн газрын нийт зардлын өсөлт, хөрөнгийн дотогшлох урсгал зэргээс хамаарч мөнгөний нийлүүлэлт нэмэгдлээ. Мөнгөний бодлогын хүүний өсөлтөөр алдагдсан боломжийн зардал өссөн түвшиндээ хадгалагдах тул дунд хугацаанд бодлогын илүү нааштай үр дүнд хүрэхээр тооцоолж байна.

Заавал байлгах нөөцийн хангалт

Заавал байлгах нөөц нь манай орны хувьд мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавих чухал хэрэгслийн нэг байсаар байна. М1 мөнгөний өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор Монголбанк тайлант улиралд заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгжээр нэмэгдүүлж 5.5 хувь болгон тогтоогоод байна.
Монголбанкнаас 2007 оны 4 дүгээр улиралд нийт 7 удаа заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгөөр болон валютаар банк бүрээр тогтоож, түүний хангалтыг хянаж холбогдох арга хэмжээ авч ирлээ. Тайлант хугацаанд нөөцөө хангаагүй банк байгаагүй бөгөөд системийн хэмжээгээр нийт 15.5-38.6 тэрбум төгрөгийн нөөцийн илүүдэлтэй байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.2 тэрбум төгрөг буюу 23.0 хувиар бага байсан нь нэг талаас Төв банкны нөөц мөнгөний удирдлага, нөгөө талаас банкуудын хөрөнгийн удирдлага сайжирч буйг илтгэж байна.

Төв банкны үнэт цаас

Мөнгө зээлийн үзүүлэлтүүдэд гол нөлөө үзүүлэх хэрэгсэл нь Монголбанкны хувьд Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) байдаг. Монголбанк нь 2007 оны 4 дүгээр улиралд банкуудын нөөцийг бууруулан, нөөц мөнгөний өсөлтийг багасган улмаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурдыг саармагжуулах зорилгоор 7 хоногийн хугацаатай үнэт цаасныхаа хүүг 8.4 хувь (6.4 хувь байсныг) болгож өсгөв. Түүний зэрэгцээ банкуудын илүүдэл нөөцийг татах үүднээс 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг гаргаж арилжаалав. Тайлант улирлын эцсийн байдлаар 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 50 тэрбум төгрөг, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл 6.3 тэрбум төгрөг, тэдгээрийн жигнэсэн дундаж хүү тус бүр 11.5 ба 12.62 хувь байна.
3


Төв банкны санхүүжилт

Банкууд мөнгөн хөрөнгийн нөөцөө зохистой удирдах үүднээс хамгийн багадаа нэг хоног хүрэхгүй хугацаанд Төв банкны санхүүжилтийг ашиглах боломжтой байдаг. Тайлант улиралд Монголбанк хямдруулалтын санхүүжилт олгоогүй бөгөөд 4 банкинд богино хугацааны санхүүжилт буюу 14.6 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 10.0 тэрбум төгрөгийн овернайт зээл олголоо.


Засгийн газрын цэвэр зээл

Засгийн газраас авах авлага Монголбанк болон банкуудын тэнцлийн нэгдсэн дүнгээр тайлант улирлын эцэст 24.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх улирлынхаас 61.5 хувиар буурчээ. Энэ нь Монголбанкинд байршиж байсан 23.7 тэрбум төгрөгийн ОХУ-д төлсөн их өрийн тооцооны Засгийн газрын үнэт цаас бүрэн төлөгдөж дууссантай холбоотой юм.


Засгийн газрын үнэт цаас


Тайлант улиралд Засгийн газар 2 удаагийн арилжаагаар 182 хоногийн хугацаатай, 7.85-7.95 хувийн хүүтэй, нийт 8.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хямдруулсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон арилжаалжээ. Засгийн газрын үнэт цаасны гол худалдан авагч нь банкууд байгаа нь тэтгэвэр, даатгалын сан, хөрөнгө оруулалтын хамтын сан зэрэг бусад санхүүгийн байгууллагын оролцоо хэрэгтэй байгааг харуулж байна.


Мөнгөний зах зээл

Банк хоорондын хоёрдогч захын үйл ажиллагаа идэвхжиж, 2007 оны 4 дүгээр улирал гэхэд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь банкуудын илүүдэл нөөц буурч, богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээ банкуудад нэмэгдэж байгаагийн илрэл юм. 2006 оны 4 дүгээр улиралд банк хоорондын хоёрдогч зах дээр хийгдсэн нийт арилжааны 74 хувийг овернайт хэлцэл дангаараа бүрдүүлж байжээ. Харин 2007 оны 4 дүгээр улиралд нийт арилжааны 63 хувийг банк хоорондын зээл (32 хувь) болон банк хоорондын овернайт зээл (31 хувь) бүрдүүлж байна. Энэ нь хоёрдогч зах дээрх хэрэгслүүд арилжаанд жигд нэвтэрч эхэлснийг илтгэж байна. Өмнө нь банк хоорондын хоёрдогч зах дээр бараг хийгддэггүй байсан банк хоорондын хадгаламж 2007 оны 4 дүгээр улиралд нэлээд идэвхжиж нийт арилжааны 9 орчим хувийг эзлэх болсон байна. Хоёрдогч зах дээр хийгдсэн сарын дундаж хэлцлийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 дахин, өмнөх улиралтай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн байна.


/ Мэдээллийг Монгол Банкны албан сайтаас авлаа/

No comments: